АН-ын “Шинэчлэлийн санал” боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ш.Отгон-Өлзийтэй намын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн бусад хүчнийг бодвол АН-ын залуус намаа шинэчлэх талаар харьцангуй нээлттэй дуугарч чаддаг гэж болно. “Шинэчлэлийн санал” боловсруулах ажлын хэсэг нь намдаа ямар үүрэг, оролцоотойгоор ажиллаж байна вэ?
-АН-ыг шинэчлэх санаачилга анх өнгөрсөн жил гарч байсан. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагаар нам шинэлчэх хөдөлгөөнүүд болон намын гишүүдээс бүрдсэн 35 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулаад ажиллаж байна. Мэдээж энэ ажлын хэсэг бол өнгөрсөн хугацаан дахь АН-ын алдаа оноог дүгнэх гол үүрэг оролцоотой ажиллаж байна. Бид хоёр жилийн өмнөөс АН-ыг нэгдмэл, хариуцлагатай, төлөвшсөн, бодлогын нам болохын хувьд үг, үзэл бодлоо илэрхийлж оролцож ирсэн. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, намын ахмадууд, эмэгтэйчүүд болон залуучуудын төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж тэдний үнэтэй зөвлөгөөг сонсч, тодорхой санал, хүсэлт, дүгнэлтүүдийг нэгтгэн ажиллаж байна.
-Ажлын хэсгийн хувьд хэд хэдэн салбар, хэсэгт хуваагдан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар?
-“Шинэчлэлийн санал” боловсруулах ажлын хэсэг нь дотроо зургаан салбар, хэсэгт хуваагдан ажил, үүргээ гүйцэтгэдэг юм. Миний хувьд Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах дэд хэсгийг ахлан ажиллаж байна. ҮЗХ-ны хурал, намын Их хурлын өмнө олон хүний санал санаачилга, уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар ажиллаж байна. Саяхан “Улс төрийн намын шинэчлэл шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Үүний зэрэгцээ туршлагатай улстөрч, улс төр судлаач, доктор, эрдэмтдийн оролцсон улс төрийн намын өнөөгийн байдал болон гадаадын улс төрийн намуудын туршлага, 26 жилийн ардчиллаас хойшх дараагийн намын шинэчлэл, өөрчлөлт ямар байвал зохимжтойг тэднээс сонслоо. Намын гишүүд, дэмжигчдээс судалгаа авч байна.
-Мэдээж намын гишүүд, дэмжигчид намын шинэчлэлийн асуудлаар байр сууриа түлхүү илэрхийлж байгаа байх. Энэ саналуудыг нь та бүхэн намын удирдлагууддаа хэрхэн хүргэхээр төлөвлөж байна вэ?
-Цаашид 21 аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй намын шинэчлэлийн асуудлаар уулзаж санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнээс гарсан санал хүсэлтийг ажлын хэсэг дээр нэгтгэн, удахгүй болох ҮЗХ-ны хурал дээр танилцуулна. ҮЗХ болон намын Их хурлын өмнө бид судалгаанд суурилсан маш тодорхой, ойлгомжтой төслийг өргөн барьж ҮЗХ, Их хурлаар хэлэлцүүлж, дүрмээ өөрчлөн шинэчлэхийг зорьж байна. Гэхдээ шинэчлэлийг хэдхэн хүн гарч ирээд хийхдээ гол нь биш бид уламжлалаа умартахгүйгээр, шинэчлэлээр хийдүүлэхгүйгээр голыг нь олсон шинэчлэл, өөрчлөлтийн төлөө ажиллаж байгаа.
-УИХ-ын ээлжит сонгуулийн дараа АН-ын залуус намаа шинэчлэх асуудалд хүчтэй дуугарах болсон. Намын шинэчлэлийг хаанаас эхлүүлэх нь зүйтэй гэж харж байна?
-Намын шинэчлэлийн хүрээнд нэг даргыг нөгөөгөөр солих гэхээсээ илүүтэй өнөөдөр мөрдөж буй АН-ын дотоод үндсэн дүрэм, журмуудаа бодлого, төлөвшлийн хэмжээнд шинэчилж өөрчлөх шаардлага тулгарсан. Үүний дагуу бид бодлогын, дүрмийн, хариуцлагын шинэчлэлийг хийхээр тууштай явж байна.
-Магадгүй намын шинэчлэл гэж ярьсан залуусын ард хэн нэгэн дарга эсвэл фракц байгаа гэх хардлага нийгэмд хамгийн их явдаг. Энэ талаар ямар тайлбар өгөхсөн бол?
- Энэ асуулт нилээдгүй хүнээс асуугдаад их хуучирсан асуулт байна. Зарим хүмүүс улс төрийн идэвхтэй залуусыг хэн нэгэн дарга, бүлэглэл, фракц дэмжиж байна. Цаана нь гарцаагүй хэн нэгэн байгаа гэж хардаж ярьдаг. Нэгэнт намдаа шинэчлэл, өөрчлөлтийг хийе гэж зорьсон залуусыг намын өмнөх удирдлагууд хавчин шахаж байсан удаатай. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, намын залуу гишүүн намдаа шинэчлэл хийх хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр ИТХ-ын төлөөлөгчөөс нь татаж байсан удаатай. Зарим нэг нь шүүх, цагдаагийн байгууллагаар дарамтлуулах, АТГ-т зохиомол хэрэг үүсгэж, айлган сүрдүүлж байсан. Ардчилсан мөртөө дарангуйллын засаглалттай нам шиг хавчиж байсан тохиолдлууд бий. Хэн нэгэнд гомдоллохдоо гол нь биш. Нэг муу даргыг нэг сайн даргаар солиод ямар ч шинэчлэл, өөрчлөлтийг авчрахгүй. Харин тогтолцоо бодлогын төвшинд нээлттэй, олон ургальч үзлийг дэмжсэн, гишүүдийн оролцоо, дотоод ардчилал дээр суурилсан нам байгуулахын төлөө АН-ын шинэчлэлийг хэрэгжүүлэх багт нь ажиллаж байгаа гэж ойлгож болно.
Ярилцсан Д.Цэцэг
Leave a Reply