Тайвань амьтанд ээлтэй улс бөгөөд сүүлийн жилүүдэд залуучууд хүүхэд төрүүлэхээс илүүтэйгээр амьтан тэжээх хандлага нэмэгдсэн. Түүнчлэн тэжээвэр амьтандаа зориулан харамгүй мөнгө зарцуулж байгаа нь бизнес эрхлэгч нарын хувьд шинэ боломж хэмээн харж болно. 2023 оны байдлаар Тайваньд тэжээвэр амьтны тоо нийт 2.8 сая бөгөөд нохой 1,5 сая нохой, 1,3 сая мууртай гэсэн тоо баримт байдаг. Энэ нь 2021 оноос хойш 2023 он хүртэл 19% хүртэл өсөж өндөр үзүүлэлтийг үзүүлж байна.
Тайванчууд эелдэг, зочломтгой байдлаараа алдартай бөгөөд ялангуяа гадаад хүмүүст туслахдаа дуртай байдаг. Тиймдээ ч тэжээвэр амьтан болоод амьтдад маш болгоомжтой хандаж гэр бүлийн нэг гишүүн мэт хайрладаг. Сүүлийн жилүүдэд тэжээвэр амьтантай өрхийн тоо нэмэгдэж, үржүүлэгчээс худалдаж авахын оронд гудамжны амьтдыг үрчлэх хандлага өсөж байна.
Тайваньд тэжээвэр амьтан тэжээх хандлага бүх насны бүлэгт өсөж байгаа бөгөөд тэр дундаа залуучууд хүүхэдтэй болохын оронд амьтан тэжээхийг илүүд үзэх болоод байна. Үүний гол шалтгааны нэг нь гэрлэлт буурч, ганц бие амьдралын хэв маягийг сонгох хүмүүсийн тоо нэмэгдэж буй явдал юм. Уламжлалт соёлын дагуу гэр бүл, гэрлэлтийг чухалчилдаг ч нийгмийн өөрчлөлтүүд эдийн засгийн байдал, хүмүүсийн амьдралын хэв маягт ийн нөлөөлж байна. Эдгээр амьдралын хэв маяг нэмэгдсээр 2022 онд Тайванийн тэжээвэр амьтдын тоо 15-аас доош насны хүүхдийн тооноос давсан нь анх удаа тохиолдсон явдал байв.
Судалгаагаар 20 болон 30-аас дээш насны иргэд ажил мэргэжил, хувийн бие даасан байдлаа нэн тэргүүнд тавьдаг ба тиймдээ ч гэрлэх эсвэл эцэг эх болох талаар бодохоосоо өмнө санхүүгийн тогтвортой байдалд хүрэхэд анхаарлаа хандуулдаг гэжээ. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь эдийн засгийн хувьд зардал өндөр бөгөөд цаг хугацаа их шаарддаг тул тэжээвэр амьтан өсгөхийг илүүд үзэх болоод байна.
Тайванийн тэжээвэр амьтдын хүнсний зах зээл нь тэжээвэр амьтдын тоо хурдтай нэмэгдэж, тэдний эздийн амьдралын чанар нэмэгдэж дээд зэрэглэлийн чанартай хоол хүнсний бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсонтой холбоотойгоор эрчимтэй өсөлттэй байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ 2025 онд 0,86 тэрбум ам.доллар, 2030 он гэхэд 1,28 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж судлаачид үзэж байна.
Салбарын зах зээлийн өсөлтийн хувьд Тайванийн тэжээвэр амьтдын хүнсний зах зээл тогтвортой өсөлтийг үзүүлж, тэжээвэр амьтдын бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа 2018-2022 он хүртэл жил бүр 9.2%-иар өссөн байна.
2023 онд Тайванийн тэжээвэр амьтдын хүнсний борлуулалт 30.8 тэрбум NT$ /New Taiwan Dollar/ ба америк доллароор тооцож үзвэл (960 сая ам. доллар) болсон нь тус улсын гэрийн тэжээмэл амьтны хоол хүнс үйлдвэрлэлийн нийт үнийн дүнгийн 50 орчим хувийг эзэлж байна.
Дотоодын зах зээлд тохиромжтой, удаан хадгалах хугацаа, тээвэрлэхэд хялбар гэдгээрээ алдартай гэрийн тэжээмэл амьтдын хуурай хоол зах зээлд илүүтэй ноёрхож байна. Мөн үр тариагүй хоолны дэглэм, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн рүү чиглэсэн тренд хандлага нэмэгдэж байна.
Нохой, муур тэжээвэр амьтдын хүнсний зах зээлийн гол тоглогчдын тоонд Mars Inc., Nestle (Purina), Colgate-Palmolive компани (Hill's Pet Nutrition Inc.), Clearlake Capital Group, L.P. (Wellness Pet Company Inc.) зэрэг байгууллагууд тэргүүлэн ажилладаг юм байна.
Ирээдүйн зах зээлийн төлөв байдлын хувьд авч үзвэл Тайваний тэжээвэр амьтдын хүнсний зах зээл цаашид хурдацтай өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2025-2030 оны хооронд CAGR 8.37% байх төлөвтэй байна. Амьтны хоол импортлон авдаг улс орнуудын хувьд АНУ, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг янз бүрийн орноос тэжээвэр амьтдын хоол хүнс худалдан авч хэрэглэдэг байна.
Энэхүү хурдацтай өсөлттэй зах зээлд Монгол Улсын малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, өндөр технологийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авч хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэн энэхүү үзэсгэлэн арга хэмжээнд оролцлоо.
Зарим тоон эх сурвалжууд:
https://www.mordorintelligence.com/industry-reports/taiwan-pet-food-market
Leave a Reply